Showing posts with label poem. Show all posts
Showing posts with label poem. Show all posts

2009/05/02

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла

Хүний эх

Зүгээр дээ үр минь гээд шивнэхдээ л
Хорвоогийн хар бүхнээс үрээ хамгаалж байдаг
Зүүний нүхээр шургачиж багтаад өөрийгөөн орхиод
Хүүгийнхээ төлөө үхэж ч чадах зориг дагуулж явдаг
Хүний эх бүр ийм л байдаг
Зүү ил ёрдойж үзэгдвэл
Миний хүү гэж алсаас дуудах
Зуу хол алхаад ирвэл
Мангаа бий гэж үрээн аргамжих
Хүний эх бүр ийм л байдаг
Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй
Үдэш болохоос нааш санаа нь бүтэн амарч байгаагүй
Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг
Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг
Хүний эх бүр ийм л байдаг
Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг
Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе
Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг
Үзэмж төгөлдөр гоо ижий бүхэнд энэ шүлгээ уншья.
Хүний үр болгон ийм л байдаг.
2008 он. Ж.Цэрэннадмид

2009/04/28

Ааваа үгүйлсэн сэтгэл

Аавдаа би хайртай
Анх хэлд орохоосоо л ааваа гэж дуудсан
Алаг үрсийнхээ төлөө амь хайргүй явсаар ирсэн
Аав минь та байхгүй болохоор энэ орчлон утгагүй мэт
Таны эзгүйд ааваа гэр хүртэл хоосорч
Түшиг тулгуур чинь байхгүй болохоор
Тэнцвэргүй мэт хазайх шиг санагдана
Тэр үед л таныгаа үгүйлж
Тэнгэр өөд дэмий л харна
Дээрээс биднийгээ харж байгаа боловуу гэж
Дотроо бодож сэтгэлээ зогооно
Гадаа жавар сийгэж салхи сэржигнэхэд
Та минь даарч байгаа юм шиг санагдана
Гадаа хавар болж цас хайлахад
Та минь биднийгээ санаж байгаа да гэж бодогдоно
Ааваа таныг ийм хурдан явахыг чинь мэдсэн бол
Амьдад тань таныг чангаас чанга тэврэхгүй яав даа
Ачийг тань хариулж асрах минь ч яалаа
Аавдаа хайртай гэж чанга дуугаар хэлэх минь ч яав даа
Аавын тухай дуу сонсох бүрдээ
Алаг нүд минь нулимсандаа бүрэлздэг
Аавын тухай яриа сонсох бүрдээ
Хоолой минь зангирч юм торох шиг болдог
Ганцаар үлдсэн ээжийгээ бодохоор
Энэ хатуу орчлонг туулахгүй гээд яахав дээ
Гансрах сэтгэлийг нь аргадан тайвшруулж
Гарыг нь өргөж, хөлийг нь хучиж явнаа бид
Гэхдээ ааваа та санаа зоволтгүй
Гэгээн таныхаа сургаалийг дагаж
Хүнээс дутуу явахгүйг хичээж
Таныхаа нэрийг гаргах болноо