2009/04/27

Аав минь

Дээлийг тань өмсөж, бЮсийг тань чангахан ороож

дэлхий дээр хүү нь алхаж л явна даа,аав минь

Ардын дуу уянгалж, арван тавны саран мэлмэрнэ

Алга болсныг тань нэг л үнэмшимгүй санагдана!

Тэнгэрийн доор хүү төрүүлсэн эцэг үхдэггүй юмуу?

Тэргэл сарыг би биш, та л ширтэж байх шиг...

Аавыгаа би өөрийхөө сэтгэл дотроос олох юм

Амин голд минь танаас нэг л юм үлдэж дээ...

Үрт хүн үхдэггүй, үе удамдаа уусдаг юм уу,

Үе үехэн би биш, аав минь инээж дуулах шиг...

Хөлстэй цамцыг тань өмсөж, эцгийн биеийг орлон

Хөрст дэлхийд алхаж явна даа, хүү чинь!

Өргөн алаг дэлхий нь жамаа дагаад эргэнэ

Өмөг түшиг аавгүй орчлонг туулах болж дээ!

Нартын цэнхэр уулс нь байр байрандаа дүнхийнэ

Намайг төрүүлсэн аав минь хөх огторгуй болжээ!

Дээлийг тань өмсөж, бүсийг тань чангахан ороож

Дэлхий дээр хүү нь алхаж л явна даа, аав минь...

Ардын дуу уянгалж, арван тавны саран мэлмэрнэ

Алга болсныг тань нэг л үнэмшимгүй санагдана!

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral